Дэлхийн банкнаас гаргасан “Монгол Улс - Уур амьсгал ба хөгжил” тайланд Монгол Улсын уур амьсгал болон хөгжлийн асуудалд чиглэсэн бодлого, стратегийг дэмжих цогц шинэчлэлийн арга хэмжээнүүдийг тусгажээ. Түүнчлэн нүүрс, зэс, газрын ховор элементийн чиг хандлагыг дурдсан байна.
Зорилтуудаа хослуул
Дэлхийн банкны зөвлөж байгаагаар бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаа эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай зэрэгцүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй аж. Түүнчлэн дэлхий дахинд нүүрсний эрэлт буурч буй энэ үед Монгол Улсын эдийн засаг нүүрсний экспортоос хараат хэвээр байгаа нь эдийн засгийг эрсдэлд оруулахаар байна. Тиймээс зэс болон бусад ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлэх замаар бусад боломжуудыг нээснээр эдийн засагтаа ч уур амьсгалын өөрчлөлтөд ч хувь нэмэр оруулах юм гэжээ.
Газрын ховор элементээ торд
Монголд олборлолтын хамгийн том боломж нь зэсийн үйлдвэрлэл. Дэлхийн хамгийн том уурхай, Монголын томоохон зэс үйлдвэрлэгч Оюу толгойн үйл ажиллагаа 2055 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа. Мөн үүнтэй адил өсөх ирээдүйтэй ашигт малтмал бол газрын ховор элемент (ГХЭ) гэдгийг мөн тодотгосон байна.
Монгол 3.1 сая тонны газрын ховор элементийн нөөцтэй ч үүнийг олборлох боломжийг хөгжүүлэхэд экспортын стратеги, хөрөнгө оруулалтын зардал зэрэгтэй холбоотой тодорхойгүй зүйлс саад болж байна. Тиймээс олборлолтыг эхлүүлэхийн тулд эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Монголын газрын ховор элементийн нөөц, олборлолт нь олон улсын анхаарлыг татаж байгаа гэдэг утгаараа өнгөрсөн онд АНУ хүртэл Монголтой ГХЭ худалдаалах гэрээнд гарын үсэг зурсан. Угаас 2013 оноос Монголын ГХЭ-ийн 3 ордод анхны судалгаа хийгдсэн бөгөөд эдгээрээс “Халзан бүрэгтэй”-н хайгуул, судалгааны ажил хамгийн ахицтай явж буй. Тиймээс ГХЭ-ийн ордын олборлолт, экспорт, ашгийн стратегийг тодорхойлсны дараагаас үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг шийдэх хэрэгцээ бий. Учир нь ГХЭ-ийн орднууд нь дэд бүтэцгүй алслагдсан газарт байрлаж байгаа тул дэд бүтцийн хөгжүүлэлт, эрчим хүч, тээвэрлэлтийн холбоос, дотоодын боловсруулалтад ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг мөн тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс нүүрсний хараат байдлаасаа ангижирч уул уурхайн дараагийн шатанд гарахын тулд дэлхий нийтийн трэндтэй хөл нийлүүлэн ГХЭ-ийн олборлолтын ажлыг эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдын тодорхойгүй байдлыг бууруулах шаардлагатай хэмээн зөвлөжээ.
Comments