Энэ удаагийн хамтарсан Засгийн газар эрх барих хугацаандаа Уул уурхайн салбарын түүхий эдийн боловсруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлэх, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэн, шинэ орд газруудыг нээх зэргийг агуулсан 6 том бодлогыг барьж ажиллахаар баталлаа.
Дэд бүтцэд анхаарна
Тус 6 бодлогын хүрээнд улсын зэрэглэлтэй болон дагуул хотуудын дэд бүтцийг хөгжүүлэх, Дулааны IV цахилгаан станц болон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг шинэчлэх, өргөтгөх гэх мэтийн томоохон төслийн ажлууд тусгагджээ.
Уул уурхайд анхаарна
Засгийн газрын 2024-2028 онд баримтлах бодлогын 3.3.1 дугаар хэсэгт уул уурхайн салбарт холбогдолтой бодлого, хөтөлбөрийг тусгасан байна. Үүн дотроо 3.3.1.7-д “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэжээ. Тэгэхээр ЗГ ирэх 4 жилд өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулах нь. Ингэснээр зөвхөн нүүрс, зэсийн олборлолтод анхаардаг байсан уул уурхайн салбарт шинэ төрлийн төслүүд хэрэгжиж эхлэх үндэс тавигдаж байна.
Газрын ховор элементийн нөхцөл байдал
Одоогийн нөхцөл байдлын хувьд, Монгол Улсад газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонны нөөц, нийт 6 орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг орд бий. Үүнээс хамгийн их нөөцтэй орд нь Халзан бүрэгтэйн орд.
Тодруулбал, тус ордод өндөр технологийн гол түүхий эд болох празоди, неоди, диспрози, терби зэрэг газрын ховор элемент агуулагддаг. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэгт чухал ач холбогдолтой. Тэгэхээр Засгийн газар ирэх 4 жилд тус ордын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь.
Шинэ төслүүдийн нөлөө
Цаашлаад, Засгийн газар газрын ховор элемент зэрэг шинэ төрлийн уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлбэл экспортын орлого нэмэгдэх, эдийн засаг солонгорох зэрэг боломж ч нээгдэх юм. Үүгээр зогсохгүй, ЗГ-ын ирэх 4 жилд баримтлах бодлогын дагуу газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжиж, дэлхийн зах зээлд нийлүүлэх замаар Монгол Улсын технологийн салбар дахь байр суурийг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ч боломжтой.
Учир нь өмнө дурдсанчлан тус ордод байгаа празоди, неоди, диспрози, терби зэрэг элемент нь өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг тул дэлхий даяар стратегийн ач холбогдолтой түүхий эдээр тооцогдож буй.
· Эдгээр нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, батарей, салхин турбин, ухаалаг гар утас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай.
· Газрын ховор элементүүд нь өндөр үнэ цэнтэй, экспортын чухал бүтээгдэхүүн учир гадаадын валютын орлогыг их хэмжээгээр нэмэгдүүлнэ.
· Цаашлаад Халзан бүрэгтэй зэрэг газрын ховор элементийн төслүүдийг дэмжсэнээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрүүд хөгжиж, орон нутаг тэр дундаа алслагдсан аймагт шинэ ажлын байр бий болох зэрэг олон боломжийг дурдаж болохоор байна.
Comments