2023-2024 оны хичээлийн жилд зарлагдсан “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг оюутнууд шалгарлаа.
“Халзан бүрэгтэй-ГХЭ” төслийг хэрэгжүүлэгч үндэсний хөрөнгө оруулалттай “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь энэ жил анх удаа хөгжлийн сангийнхаа нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан бөгөөд Ховд аймгийн 35 оюутан материалаа ирүүлсэн юм.
Үүнээс:
- Голч дүн
- Нийгмийн идэвх, санаачилга
- Хувийн амжилт
- Харьяалал
- Нэн шаардлагатай мэргэжил /багш, СӨБ-ын багш, эмч, уул уурхайн ашиглалт/
гэсэн 5 үндсэн шалгуурыг хангасан 9 оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, Ховд аймаг, Улаанбаатар хотноо батламжийг нь зэрэг гардууллаа.

“Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, орон нутгаас хот руу чиглэх хөдөлгөөнийг бууруулах, тэр дундаа Ховд аймагт нэн шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх, оюутан залууст нутагтаа ажиллаж амьдрах боломжийг үүсгэх зэрэг боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ ч утгаараа тус компани “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөө цаашид жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж, орон нутагтаа хэрэгцээтэй мэргэжлээр сурч буй оюутан залуусын ирээдүйг дэмжих юм.
Ташрамд дурдахад, “Халзан бүрэгтэй төсөл” нь 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд ирээдүйд 4 төрлийн газрын ховор элементийг олборлох, боловсруулах зорилготой юм. Төслийн Урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил 2022 онд эхэлсэн бөгөөд 2024 онд дуусна. Цаашдаа эцсийн ТЭЗҮ боловсруулах, үйлдвэр барих зэрэг ажлууд хийгдэхээр ажиллаж байна.
