Өнгөрсөн 7 хоногт Сидней хотноо уул уурхайн салбарын дэлхийн томоохон чуулган болох “Уул уурхай, эрдэс баялгийн олон улсын чуулга уулзалт” (IMARC) болж өнгөрлөө. Жил бүр зохиогддог IMARC-ийн үеэр уул уурхайн салбарын удирдлагууд болон мэргэжилтнүүд чуулж, байгаль орчны нөлөөллийг бууруулах, тогтвортой байдал, дижитал болон эрчим хүчний шилжилт тэргүүтэй салбарын чиг хандлагыг тодорхойлох сэдвүүдийг хэлэлцдэг билээ.
- Цар хүрээ: IMARC-д дэлхийн 120+ орноос 800+ уул уурхайн компани оролцож, нийт 9,000 гаруй оролцогч, зочид, төлөөлөгчдийг хүлээн авсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан юм.
Арга хэмжээнд уул уурхайн луугар BHP-ээс эхлээд American Rare Earths, Australian Strategic Materials, McKinsey болон Австралийн ЗГ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын комисс тэргүүтэй компаниуд оролцсон юм. Харин Монголоос Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн багийнхан оролцсон билээ.
- Онцлох нь: IMARC-д Халзан бүрэгтэйн Урьдчилсан ТЭЗҮ-г хийсэн уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Wood Australia мөн оролцсон юм. Энэ үеэр бид Халзан бүрэгтэй төслийн Урьдчилсан ТЭЗҮ-ийн тайланг биечлэн хүлээн авсныг дуулгахад таатай байна.
Цаашлаад, арга хэмжээний үеэр Халзан бүрэгтэйн Байгаль орчин, тогтвортой байдлын баг ТЭЗҮ-ийн гол түншүүд буюу Урьдчилсан ТЭЗҮ-г хариуцан ажилласан Wood Australia, Хаягдлын менежментийн судалгааг хийсэн Knight Piesold компаниудтай уулзаж, удахгүй эхлэх эцсийн ТЭЗҮ-ийн үе шат, стратегийн талаар туршлага солилцлоо.